Tuesday, February 17, 2015

Цагаан сарын сонин

Цагаан сар болох гээд баахан хүнийг шагнаж байна аа. Хакухо хөдөлмөрийн баатар, Какарю Ананд гавъяат тамирчин цолоор шагнуулж байна. Энэ хоёрын тухайд ярих юм юу байх вэ дээ. Хийдгээ хийгээд, авдгаа авч байгаа хүмүүс. Бас цаана нь 2-3 хүн спортын гавъяатаар шагнуулж байна. Энэ спортынхон чинь яасан мундаг улсууд байдаг юм бэ. Нөгөө талаас, бодохоор шал хэрэггүй шагнал гэдэг чинь энэ байхгүй. Байсхийгээд л баахан гавъяат дасгалжуулагч төрүүлээд ч яах юм билээ. Түүнээс нь улсын эдийн засаг сайжрахгүйгээс хойш. Энд тэндээс, элдэв компани байгууллагаас замын зардал гуйхад нь хэрэгтэй байдаг юм байлгүй дээ. Улс оронд хийж бүтээгээд, бүтээн байгуулалт өрнүүлж байгаа хүмүүст өгвөл уг нь зүгээр баймаар.  
 
Хувьсгал хэт удаашрахаар, мэргэжлийн хувьсгалчдын тоо эрс өсдөг гэдэг үнэн бололтой. Алдарт Баасан авгай бас л ахмадуудаа манлайлчихсан, банкуудын ахмадуудаас авч байгаа зээлийн хүү хэт өндөр байна гээд л баахан өргөдөл бичүүлчихсэн, гардуулаад л явж байна. Уг нь бол манай улс чинь хүнлэг, ардчилсан, энэрэнгүй нийгэм байгуулаад байгаа юм байна лээ ш дээ. Нэр томъёогоо сайн тогтож, оноож өгөхгүй болохоор хүмүүс ингэж хутгаж ойлгоод, одоо байгуулж байгаа нийгмээ дээхэн үеийн коммунизм, түүнээс бүүр дээр үеийн диваажин хоёрын завсрын юм л гэж ойлгоод байх шиг байгаа юм. Зүй нь дэлхий дээр хувийн өмчийг зөвшөөрдөг, зөвшөөрдөггүй гэсэн хоёр л төрлийн нийгмийн байгуулал байдаг, бид хувийн өмчийг зөвшөөрдөг нийгэм буюу хөрөнгөтний нийгэм, бид бүр хэлж заншлаар бол капиталист нийгэм байгуулж байна аа гээд зөв хэлээд, ойлгуулчихсан бол, өөрсдөө банкнаас мөнгө зээлчихээд, одоо хүүг нь төлөхгүй гэж сонин сонин юм яриад байхгүй л байлгүй дээ. Социалист нийгэмд бол ашиг орлого олохын төлөө мөнгө хүүлэх бол эрүүгийн хуулийн заалттай, хатуу хориотой зүйл байдаг байсан. Харин капиталист нийгэмд бол хүчээр айлган сүрдүүлж, албадаж зээлийн гэрээ байгуулаагүй л бол энэ чинь жирийн л нэгэн бизнес, байдаг л зүйл. Хүнлэг, ардчилсан, энэрэнгүй нийгэм байгуулж эхлээд 25 жил болж байхад үүнийг ойлгоогүй яваа хэрэг үү. Арай л хол хоцрогдоод байгаа юм биш үү.
 
Хэдэн жилийн өмнө Оюу толгой гэж нэг сайхан мөлжүүртэй толгой байлаа. Төрөл бүрийн байгаль хамгаалах сан, ТББ мөнгө хэрэгтэй болохоороо л Оюу толгойгоо өгөхгүй, үр хүүхэд хойч үедээ хадгалж байгаад, дэлхийн бүх эрдэс баялгийн нөөц дуусахаар үүцээ задалж гаргаж иднэ гээд л. Улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас болоод сүүлийн 2-3 жил хэнээс байгалиа хамгаалахаа мэдэхгүй, манай ялгуусан эх орончид хийх ажилгүй, жаал таг суув. Тэгтэл харин ашгүй, Гачууртын ордын сураг дуулдаж, манай яруу алдарт бөө нар, бас тэдний ард суун үлдсэн нинжа нарт жаахан ажил гарлаа. Дээхэн үед моод Монголоор дуусдаг гээд үг байдаг байсан бол одоо моод Монголоос салахаа больжээ. Аль амбасан үе, 90 оны өлсгөлөнгийн моод одоо ч цэцэглэсэн хэвээрээ. Хувьсгалын музейн өмнө бөө нар өлсгөлөн зарлажээ. Хажуугаар зүгээр л өнгөрч яваа би үнэхээр атаархаж байгаа юм чинь. Урд нь баахан машин эгнүүлээд тавьсны дотор дор хаяж 4-5 HUMMER жийп байгаа юм чинь.
 
Улсын валютын нөөц хүндрэлтэй байгаа бол алтаа олборлож улсынхаа эрдэнэсийн санд тушаах нь зүйтэй л байх. Эх нутаг, байгаль орчноо хамгаалалгүй яах вэ. Тэр ч гэсэн заавал тавигдах зүй ёсны шаардлага. Харин хэнээр ухуулах вэ гэдэг л чухал. Ухуулахгүй гээд үлдээсэн чинь манай ялгуусан нинжа нар юу ч үгүй онгичоод ухчихсан байвал яана. Тэд чинь хутагт хувилгаан хүний шарил ухаж хулгайлахаасаа хулчийдаггүй л гарууд шүү дээ. За, нинжа нар ухсан газраа нөхөн сэргээжээ гэвэл нар ёстой баруунаас гарах байх оо. Тэгэхээр, хууль журмын дагуу зохих зөвшөөрлөө авсан компаниар ухуулаад, байгаль орчин нөхөн сэргээлт, бас юмыг яаж мэдэх вэ, түүх, соёл, археологийн олдвор байна уу гэдгийг нь давхар хянаад явах нь аль ч хууль дүрэмтэй улс оронд дагаж мөрддөг л журам шүү дээ. Капитализмын замаар 25 жил давхиулчихаад үүнийг бас мэдээгүй яваа гэж үү.