Tuesday, March 17, 2015

Чойжоо багш

Монгол түмний оюуны их өргөө болсон Монгол улсын их сургуулийн Хэлбичгийн факультетэд монгол бичиг заадаг, Дагвын Чойжилсүрэн гэдэг буянтай буурал багш байсныг бараг 90-ээд оныг хүртэлх үе үеийн оюутнууд нь мэдэх буй за.

Чойжоо багш Монгол рабфакт сурч, их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилсээр шоронд хүртэл сууж, юм юм үзсэн хашир догь хүн хэдий ч, одоо үе ардчилалдаа долигонож бөгс долоож байгаатай адил, тэр үед социализм, коммунизмдоо үнэнчээ гайхуулж, бялдуучлагчдыг харин ч нэг үздэггүй яг голоор нь хээв нэг хэлдэг байжээ.

Тэр үед Чойжоо багш гурван зүйлд үнэн дургүй, шууд үгүйсгэдэг байсан гэдэг. Эхнийх нь ангийн тэмцэл. Тэр үед бүх л үзэл суртлын хэрэгсэл хар шар феодал, ангийн тэмцэл гээд л номлодог байсан болохоор, зарим нэгэн хүн үнэхээр л Улаан дарцаг кинон дээр гардаг шиг хүүхдүүд хүртэл хүрээнд ном үздэг, ардын сургуульд сурдгаараа ялгараад, зодолдож нүдэлдээд байсан юм бодож, таныг бага байхад ангийн тэмцэл ширүүн байсан биз гэж асуудаг гэнэ. Тэгэхэд нь Чойжоо багш, хн, үхсэнийх нь ангийн тэнцэл, өдөржин хамт тоглож, шөнө нь хөнжил гудас нь хүрэлцэхгүй, нэг оронд, бие биенийхээ илчинд дулаацаж унтаж аваад л өглөө босоод хүрээ хийд рүүгээ явах нь хүрээ хийд рүүгээ, сургуульдаа явах нь сургуульдаа явдаг л байсан гэж хариулан, ангийн тэмцлийн галыг нам унтраадаг байсан гэдэг.

Хоёрдахь үнэн дургүй зүйл нь Ард Аюушийн тэмцэл. Тэр үед чинь Ард Аюуш гээд аймаар нэг коммунист үзэлтэй хүн хошууныхаа харанхуй бүдүүлэг ардуудын дунд хувьсгалын гэрэл гэгээг мандуулах гээд л үйлээ үзсэн юм ярьдаг. Үнэндээ тэр бол үлгэр байж л дээ. Ард Аюуш нь бол социализм, коммунизмын тухай ямар ч ойлголт байхгүй, яахав, тийм нэг хэрүүлч, заргач хүн байж л дээ. Ер нь хэл амтай хүнээс ямар ч нийгэмд, ямар ч хүн ер нь аймтгай байдаг ш дээ. Ард Аюушаас бусад нь хошуу ноёноо хүндэтгэдэг, эх захаа мэддэг, төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг шиг тухайн үедээ төр засаг нь болж байсан засаг ноёнтойгоо тэр бүр заргалдаад байдаггүй, харин ч эсрэгээрээ ихэд хүндэтгэлтэй хандаж, хэлсэн ярьсныг нь хууль мэт хүлээн авдаг байж л дээ. Тийм ч учраас кинон дээр гардаг шиг Богд хаандаа мөргөн, мутраас нь адис авна гээд өдөр хоногоор хүлээдэг байсан нь огт хоосон зохиомол зүйл биш, хаан төрөө эрхэмлэн дээдэлдэг дорно зүгийн ард түмнүүдийн уламжлал, ёс заншлын нэгэн илрэл байжээ. Үүний бодит жишээ нь, Тайланд, Япон улсууд байна. Тэнд харин хүн ард нь эзэн хаандаа ёстой чин зүрхнээсээ сүсэглэн мөргөдөг юм байна лээ дээ. Тийм уламжлал ч Монголд байжээ. Түүнийг нь эхлээд ардын хувьсгалынхан, дараа нь ардчилсан хувьсгалынхан бүр мөсөн устгаад, одоо төр засаг, ахмад үе рүүгээ шүлсээ үсчүүлэн, яаж дайрч доромжлохыг биеэр үзүүлж байсан Элбэгдоржтон бээр хэдийгээр хааны сэнтийд суусан ч хаа хамаагүй Төвд нутгаас гаралтай, Монгол төрийн зүтгэлтэн Богд хаан шиг хүндэтгэл бишрэлийг Монголын ард түмнээс хүртэнэ ээ гэвэл гонжийнжоо, голионы баас юм биз дээ. Одоо яая гэхэв дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр!

Гурав дахь дургүй зүйл нь шилийн сайн эр! Социализмын үед шилийн сайн эрс чинь ер нь нэг тийм баатарлаг, сайхан, Робин Гуудууд боллоо ш дээ! Шилийн сайн эргүй кино, роман, дуу, шүлэг, зохиол ч гэж байхгүй болсон! Тэгэхэд, Чойжоо багш, шилийн сайн эр гэдэг чинь хошуу нутаг дамжсан малын л хулгайч ш дээ! Хулгайчийг магтан дуулдаг ийм нийгэм байж болж байгаа юм уу гэж амыг нь асуусан гэж байгаа. Яахав, хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй нь сайхан ч гэлээ, үнэндээ бол хэдэн хошуу дамжуулах учраас голдуу хол гүйдэлтэй адуу морь хулгайлдаг байсан, одоогийнхоор бол Увс, Завханыхны цусыг хуруулж байгаа, Тувагийн малын хулгайч кайгалууд бол жинхэнэ шилийн сайн эрс бөлгөө. 

Ийнхүү Чойжоо багшийн тухай сонссон дуулснаа бурж бурж орхив. Бурхан өршөөгтий!!!





    

Friday, March 13, 2015

Бутачийн Цог

Монголын ардын армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Б.Цог бол дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын маршал Васильевскийн командалсан Белоруссийн нэгдүгээр фронтод их бууны анги удирдан оролцож явсан, Монголын цорын ганц цэргийн дарга бөлгөө. Энэ хүнтэй холбоотой дурсамж яриа ард олны дунд нэлээд тархсан байдаг.

Цог генерал хээгүй зантай, биеэр жижгэвтэр боловч, бас чиг танхай талдаа хүн байжээ. Ленин клубын тэнд хэдэн цэрэг, залуучууд хоорондоо зодолдож байгаатай тааралдаад, жолоочдоо хэлж машинаа зогсоолгоод, генералын мөрдөстэй кителиэ тайлж, суудал дээрээ тавиад, "Генерал нь эндээ үлдэг, Цог нь бууна аа" гээд, зодоон дотор орчихсон, цэргүүдээ өмөөрөөд гүйж байсан гэж байгаа.

Бас армийн үлээвэр хөгжмийнхөн гаднын зочид төлөөлөгчдийг Буянт-Ухаад хүндэтгэн угтаж авахаар цэргийн Зил - 131 гэж монхор ногоон машины тэвшин дээр хамаг хөгжим зэмсэг, хүнээ ачиж аваад хөдөлжээ. Тэгсэн чинь төв шуудангийн уулзвар дээр хүнээ суулгаж явсангүй, босоогоор зогсоолоо гээд замын цагдаа тас шүгэлдээд зогсоож гэнэ. Удалгүй араас нь Цог генерал машинтайгаа давхиж ирээд, яав ийм, яагаад зогсоод байгаа юм гэж асууж гэнэ. Цагдаа зогсоочихлоо гэсэн чинь, Цог генерал машинаасаа бууж очоод, нөгөө цагдааг эрээн дохиур модыг нь гозгонуулан өргөж аваачаад, монхор ногоон машиныхаа тэвшин дээр шидчихээд, яв гэж тушаажээ. Машин ч явж, төв шуудангийн төв уулзвар зохицуулагчгүй хоцрох нь тэр. Нисэх дээр очоод угтах ёслолын ажиллагаа дууссаны дараа, өнөөх цагдааг чинь үргэжлүүлээд хотын комендантын сахилгад аваачаад хийчихэж. Баларна биз. Тэгээд нөгөө цагдааг хоёр нэг хонуулаад, Цагдаагийн газрын дарга нар уучлалт гуйж, учирлан байж, гаргаж авсан гэж байгаа. Түүнээс хойш төрийн ёслолын цувааг зогсоох бөх зүрхтэй цагдаа дахиж гараагүйгээр үл барам, цуваа ирэх сургаар бүх хөдөлгөөнийг хааж, хүндэтгэн өнгөрүүлдэг жишиг тогтсон гэдэг.

Монгол улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цог гэдэг чинь ингэж л цэрэг цагдаагийнхны зүрхэнд шар ус хуруулж явсан омголон эр юмсанжээ.

Thursday, March 12, 2015

Эх орончдын баярын сонин

Өнөөдөр чинь эх орончдын баяр юм байна. Хуучнаар бол намын баяр. Бас архи уудаггүй хүмүүсийн баяр. Хот болоод дүүргийн мэргэн дарга нарын ачаар сар бүрийн шинийн нэгний өдөр архигүй өдөр болсон гэх юм билээ. Хотын даргын тушаал над огт падлийгүй боловч дэлгүүр нь архиа зарахгүй шаналгаад байдаг болохоор би ер нь нөөцтэй байдаг болсоон. Даанч нөгөө нөөцөө ойр ойрхон, дуустал нь уучих гээд байдаг гэмтэй. За, тэгээд Цагаан сарын үлдэгдэл, ганц шил вискигээ ганцаараа, компьютертэйгээ нийлээд ууж байна даа. За, та бүхний эрүүл мэндийн төлөө!
Ер нь бол өнөөдөр гэрээсээ гараагүй болохоор нүдээрээ хараагүй л дээ! Гэхдээ Интернэт гээд энэ нэг ид шидийн ертөнцийн ачаар ер нь юу болоод байгааг тандвал, өглөөгүүр Энхбаяр ба түүний нам, бас МАН Сүхбаатарын талбай дээр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Сүхбаатар гуай ба Чингис өвөөд хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолсон бололтой байна. Үдээс хойш нь, Ноён уулаа ухуулахгүй хөдөлгөөнийхөн "Эх орончдоо дуудаж байна" гэсэн нэртэй, тайван жагсаал зохион байгуулж гэнэ ээ! За, дээр нь Интернэтээр бол Оросын сөрөг хүчний удирдагч, нэрт ардчилагч Б.Немцов алуулсан мэдээлэл дээр манайхан алалцаж, зарим нь Путиныг өмөөрөөд, зарим нь Путиныг хараагаад сүйд болж байна. Бас өчигдөр уржигдархан хошин урлагийн Амбий тэнгэрт халиад, манайхан чинь Амбийд гашуудахын зэрэгцээ Бооёогоороо оролдоод, бас л чи би-дээ тулалцан хэрэлдэж байна.
Ер нь бол зохиолчид, уран бүтээлчид онгод гэдэг нэг юмны талаар их ярьдаг даа! Би болбоос ерөөсөө зохиолч, уран бүтээлч хүн биш учраас иймэрхүү юм ярих нь уг нь бол илүүц юм аа! Уг нь бол өнөөдөр блогтоо нэг сайхан бичлэг оруулчихъя гэж бодсон боловч, ёстой онгод орж өгөхгүй, дээр нь жоорны ганц вискигээ гарздаад ч, дээд талын хэдэн мөрийг халтуурдахаас хэтэрсэнгүй ээ!
Зургадугаар Далай лам Цаянжамц архи уудаггүй л байсан байх. Монголд мянган жилд ганц төрөх аугаа их бичгийн хүн Цэндийн Дамдинсүрэн архи уудаггүй л байсан байх. Тэгтэл нэг муу бөөс би юун тэдэнд хавьтах, тэдний бичсэн гайхамшигтай дууллыг цээжилчихэж чадахгүй л, онгодоо дуудаж байна гээд архи гүзээлээд л сууж байна шүү дээ. Орчлон байхад янаглал байна, янаглал байхад орчлон байна. Одоо би Янагийн дууллаас зөв буруу нь хамаагүй, үлдэж хоцорсныг нь л давтан хэлэх гэж оролдсу.
Тансаг Бодалын дотоод ордонд
Тарнийг бясалгасан Цаянжамц
Тагтат Лхасын гадаад байшинд
Тачаалыг бясалгасан танхай банди.
Өөрийн сэтгэлд тохирсон хүнээ
Өнийн баттай ханиа болгох нь
Өргөн их далайн гүн ёроолоос
Өв тэгш эрдэнийг олохын адил аа.
Модон онгоц цаашаа харахад
Морин толгой нь наашаа хардаг,
Мохоо ухаант янаг хүүхэн
Мордож явахдаа эргэж харсангүй.
Ил нууцаа хуваалцсан хүүхэн
Ижил алхмаар зугаалсан хүүхэн
Ивээлт ордонд хэвтэх цагтаа
Илж таалж байсны учир нь,
Олзыг олох арга биш биз.
Ов живийн хэрэг биш биз.
Овоодой малгайгаа аваад өмсөв.
Оройн шанхаа засаад унжуулав.
Арван долооны төгрөг сар нь
Агаарын мандалд гийж байна.
Алман сарны мөнгөн ордонд
Амраг туулай нь хөгширч байна.
Үдшээр хэн ирснийг,
Үүрээр хэн буцсаныг,
Үзсэн харсан хүн гэж үгүй
Өгүүлэгч тоть би л мэдмүй.
Үг мэдэх тоть шувуу минь,
Үзсэн харснаа бүү хэл!
Үлэмж Лхасын олон ард
Өчүүхэн ламдаа итгэж байг!
За, энэнээс цааш явдаггүй ээ! Олон түмэн ард минь, уучлаарай! Өвгөн миний мэдлэгийн хэмжээ, чадварын хэмжээ ийм л болжээ!

Улс эх орноо дундаршгүй их хөрөнгийн сав гэж ойлгодог хүмүүс бас байх юм аа...

Өнөөдөр зурагт үзээд л сууж байсан чинь нэг хүн ярьж байна аа. Америкийн Netflix гээд дэлхийн гол гол телевизийн сувгуудад бүтээлээ нийлүүлдэг, алдартай компани Марко Поло, Хувилай хааны тухай кино хийсэн. Нэгдүгээр хэсэгт нь 3-4-хөн монгол хүн тоглосон. Хоёрдугаар хэсгийн гол үйл явдлууд нь Монголд болно. Манай төр засаг 1,2 сая ам доллар гаргачихвал манайхаас маш олон 60-70 хүн оролцох боломжтой. Тэгснээрээ манай жүжигчид дэлхийд танигдах боломж нээгдэж байна гэнэ ээ.

Хэ хэ, тэнд нэг америк компани Монголтой зарим шижмээр холбогдсон кино хийж байгаа нь сайшаалтай, түүнд нь Монголоос бас ганц, хүн оролцож байгаа нь бас сайшаалтай. Түүнд нь харин Монголын төр мөнгө гаргана гэдэг нь ёстой илүү зан байна аа. Ардчиллын гэгдэх сүүлийн 25 жилд төр маш муу менежер, төрд хөрөнгө мөнгө байж болохгүй гэсээр байгаад бүгдийг нь хувийнх болгуулж авчихаад, нөгөө хувийн үйлдвэр үйлчилгээ огт явдаггүй, нам зогсчихсон. Адгийн наад захын жишээ гэхэд социализмын үед Савхин эдлэлийн үйлдвэр гээд бүтээгдэхүүнээ дандаа экспортод гаргадаг, ганц савхин дээлийг Монголд гарын үсэг, тусгай цохолттой авдаг тийм үйлдвэр байлаа. Саяхан Монгол савхи ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар гарчээ. Санхүүгийн товч тайлангаас нь үзэхэд, одоо ямар ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд үйлдвэрийнх 5, 6 давхар том байшинг агуулах, конторын зориулалтаар түрээсэлж, энэ жил алдагдалгүй ажиллаж, 8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа гээд баярлаад байна аа. Монгол бизнес гэж нэг иймэрхүү л төрхтэй юм байх юм даа гэж. Бизнес мэдэхгүй би хүртэл шоолоод байхад, жинхэнэ бизнесмен хүмүүс сонсвол элэг нь хөшиж үхэх байх даа гэж. Хэ хэ.