Аливаа улс орны төр засгийн тэргүүн тухайн орныхоо хууль ёсонд захирагдаж, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхий л мэдлэг чадвараа зориулах нь зүй ёсны асуудал юм. Хэдийгээр бүх үйл ажиллагаа нь үндсэн хууль, төрт ёсны жам жаягтаа хайрцаглан баригдаж байдаг ч гэсэн бас тухайн хувь хүний онцлог, хувийн ааш араншин, тухайн цаг үеийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан, аливаа зүйлд хандах тухайн төрийн тэргүүний чиг хандлага өөр өөр байдаг аж. Үүнээс үүдэн тухайн удирдагчийг үнэлэх үнэлгээ ч өөр гардаг аж.
Горбачёвыг төрийг тэргүүн болж байхад үед нэлээн тархаж байсан онигоог сонссоноо толилуулъя. Ленин бол пролетарийн диктатур тогтож болох юм гэдгийг харуулсан. Сталин бол хувь хүний дарангуйлал бас тогтож болдгийг харуулсан. Хрущёв бол тэнэг хүн ч төрийн толгойд гарч болдог гэдгийг харуулсан. Брежнев бол улс орныг удирдахгүй, инерциэр нь явуулсан ч болдог гэдгийг харуулсан. Горбачёв бол зүгээр л нэг чалчаа хүн ч төрийн тэргүүн болж болно оо гэдгийг харуулсан. Нэг иймэрхүү онигоо. Энэ хэдий онигоо ч гэсэн, тэд ямаршуу төрийн тэргүүнүүд байсан бэ гэдгийг харуулах мэт.
Үүн шиг Хятадын төрийн тэргүүнүүд ч гэсэн бодвол бас л өөр өөрийн гэсэн өвөрмөц нэгэн онцлогтой буй за. Бид чинь өмнөд хөршийгөө огт мэддэггүй, сонирхдоггүй юм байна лээ. Хятадаар маш сайн ярьдаг Шведийн дипломатч Монголд иржээ. Улаанбаатарын гудамжинд бараг хүн бүхэн хятадаар яриад л хэлний асуудал үүсэхгүй ухааны юм бодож, Буянт-Ухаад газарджээ. Тэгтэл хятад хэл мэдэх хүн нэг ч тааралдаагүй гэнэ. Тэгээд үнэхээр гайхчихсан, 21 дүгээр зуун Хятадын зуун болно гээд бараг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихөөд байхад, танайх яахаараа ийм тэс эсрэгээрээ, хятад бол хэзээд манай атганд гэсэншүү сонин байгаа юм бэ гэж байж билээ. Энэ бол 2000 оны босгон дээр л шахуу болсон асуудал л даа.
Башкирийн нийслэл Уфа хотноо ШХАБ, BRICS-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Үүнтэй чинь холбоотой БНХАУ-ын дарга Ши Жинпин Pax Mongolica-г сэргээх санаа сэдэлтэй юу гэсэн шигэвтэр гарчигтай мэдээ яахуу.ком дээр гарсан. Тэр өгүүллийн дор олон сэтгэгдэл бичигдсэн байсны нэгийг сонирхуулбал:
"Би эх газрын Хятад иргэд Ши даргын өвөг дээдэс нь Монгол гаралтай гэж хов жив маягаар ярьж байхыг хэд хэдэн удаа сонссон. Тийм учраас тэрбээр Төрийн тэргүүн болсныхоо дараах Хятадын бүх ард түмэнд хандсан анхныхаа Шинэ жилийн мэндчилгээгээ айлчлан очсон Монгол айлынхаа гэрээс дэвшүүлсэн гэлцдэг. Энэ өгүүллийг уншаад надад төрсөн сэтгэгдэл гэвэл тэрээр Pax Mongolica-г сэргээх гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байгаагаас нь үзэхэд миний сонссон хов жив тийм ч үндэслэлгүй зүйл биш юм байна" гэсэн байлаа.
Хятадад ч гэсэн дээд өвөг нь Монгол хүн байсан, уламжлалт язгууртан сурвалжтай гээд бахархах аяс байдаг юм биш үү.
Хятадад ч гэсэн дээд өвөг нь Монгол хүн байсан, уламжлалт язгууртан сурвалжтай гээд бахархах аяс байдаг юм биш үү.