Thursday, December 10, 2009

Баатартай болсонд баяр хүргэе!

Зиа, ингээд Ардчилсан хувьсгалын анхны баатартай болдог байж. Баяр хүргэе!

Би өөрөө бол ямар ч хувьсгал, ямар ч дайн байлдаан, тэр бүү хэл ямар ч том зодоонд оролцож үзээгүй л дээ. Тийм болохоор баатрын алтан хошуу гэдэг нь үнэхээр цөөхөн л хүний шагнал байх гэж аймаар атаархаж боддог ш дээ.

Манай будаг нь ханхалсан цоо шинэ баатар бол харин их даруухан хүн юм оо. "Би бол ерөөсөө юу ч биш, би үнэхээр баатар хүмүүсийн дунд байсан. Тэд л авах байсан юм" гээд л. Тэгээд одоо бүгдэд нь баатар цол олгох гэхээр нөгөө зүүж өгөх юм нь цөөдөөд дутаад байсан юм даг уу даа. Ямар ч байсан энэ удаад ганц хүнд олгосон бололтой юм аа, янз нь. Бас нэг давуу тал байснаа ч нуусангүй. Өөртөө нь адил баатар болчихмоор хүмүүс байсныг нь нуулгүй, нэрийг нь дурдаж бахархан дурсаж байна билээ. Харин нөгөө хүмүүс нь одоо бүгд бурхан болчихсон бололтой юм аа. Тэгээд ч бас "Нэгэнт нас нөгчсөн хүнд аливаа гавьяа шагналыг нөхөн олгохгүй тухай" Монгол улсын хууль их хурлаар батлагдах гэж байгаа бололтой юм аа. Тэгээд л аз болоод, манай хүн шагналыг хүртсэн юм байна л дээ. Би ярианаас нь тэгж л ойлголоо. Манай нэг яруу найрагч "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэж их л алсын хараатай, жинтэй үг хэлснийг энэ өдөр ингэж би жинхэнээр нь ойлгов.

За, тэгээд баатар болоогүйнүүд нь нээк атаархаад, байж ядаад байх хэрэггүй л юм шиг байна ш дээ. Өөр зарим бусад одон авсан хүмүүс нь баярласандаа "Ганц би баатар биш ээ. Монголын ард түмэн баатар" гэсэн үгс унагаж л байна лээ. Тэгэхээр яваандаа, Улсын их хурлаар Улсын баатарын тухай хууль батлагдаад Монголын ард түмэн бид бүгдээрээ баатар болох л юм байна лээ.

Тэр болтол тэвчээд, шинэ баатартаа баяр хүргээд л сууж байя даа, Монголчууд аа! Бид бүгдээрээ баатрууд шүү!

Wednesday, December 9, 2009

УАЗ-ын улаан фэнүүд

За, саяхан даа.

Намайг зурагт үзэж суутал, хэдэн Монгол залуус Монголоос Польш хүртэл Монголчуудын төмөр хүлэг болсон УАЗ машинаар Сибирийг хөндлөн гулд туулан явах зуураа зориуд зам хазайж Улъяновск хотноо очиж, "Бид танай үйлдвэрлэдэг машины улаан фэнүүд байна. Бид танай энэ машинаар Дакара ч бил үү, Сахара ч уралдаанд оролцмоор байна. Тусламж дэмжлэг үзүүлээч !"гэж гуйсан бололтой юм аа. Цаадуул нь ч "Юу яриад байгаа юм бэ, та нар чинь, одоо. Тэр уралдаан бол дэлхийн машины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог том тэмцээн ш дээ. Манай машин бол аль 70-аад оны технологи, 20-30-аад жилийн өмнөх технологи. Одоо тэгтэл 21-р зуун гарчихаад байна ш дээ" гэж унтраасан бололтой юм ярьж байна аа.

Тэгтэл манайх яадаг билээ, хүний өөрсдийнх нь хоцрогдсон гээд байгаа машинаар, өөрсдөө бензинээ хийгээд, өөрсдийн газар нутгаа сэндчээд л уралдаад давхилдана. Адаглаад машин нь МонголАЗ гэсэн нэртэй байсан бол бас яая гэхэв гэх сэн. Ёстой эргэж тус нэхэхгүй сайхан Монгол зан гэж энэ байх даа.

Зиа, тэгээд, баян хүн лаагаа иднэ үү, савангаа иднэ үү, ямар хамаа байна аа гэлээ гэдэг шиг хүн ямар машинаараа, яаж уралдана, надад ямар хамаа байж уу! Харин тэр УАЗ машины үйлдвэрийнхэн жаахан хуншгүй хүмүүс юм даа, тээ! Урмыг нь бодоод ганц машин, хэдэн сэлбэг, Өргөмжлөл гээд нэг бичигтэй өгчихгүй! Монгол хүний гэнэн, хонгор, цайлган сэтгэлийг ойлгохгүй л байна даа! Ёстой өөдгүй!

Ай хөө, УАЗ-ын улаан фэнүүд гэж сайхан хүмүүс шүү!