Sunday, June 21, 2015

Алмас Сандагдорж

50-60-аад оны Монголын сэхээтнүүдийн тухай яривал заавал дурсагдах ёстой хүмүүсийн нэг нь Сандагдорж гэж хүмүүс ярьж байхыг сонссон юм байна. Нүүр царайны ерөнхий хэлбэр нь алмас л нэг иймэрхүү байдаг болов уу гэмээр арзайсан том толгойтой, орос хэлийг гаргуун сайн мэддэг, мэддэггүй сонирхдоггүй сэдэв гэж бараг байдаггүй, шүлэг зохиол ч бас оролдож, зөвдөж буруудаж хэл аманд өртөж явсан нэгэн гээд л ярих юм билээ.

Физик, математикийн чиглэлээр сурч байсан юм уу даа. Юм юмаар хүнтэй маргасан, жаахан шизотой юм уу гэмээр хүн байсан гэж хүмүүс ярьж байхыг мөн сонссон юм байна. "Тууврын замд" гээд шүлэг бичээд буруудсан тухайгаа "Эрэлхэг Хайватын дуулал" гэдэг шүлэглэсэн зохиолыг орос хэлнээс орчуулсаныхаа өмнөх үгэнд "Ачит Да, Га багшийн сургаалаар" гэхчлэнгээр шүлэг зохион өгүүлээд түүнээсээ болж бас буруудан хэвлэсэн зохиолыг нь хураан авч өмнөх үг болох шүлгийг нь тасдан хаяж байсан гэдэг. Тэгээд яг л Ц.Дамдинсүрэн гуайн хоёр боть "Орос-Монгол толь" бүтээлийн "Мянган жилийн харьцуулсан хүснэг"-ийг урж тасдсан түүх давтагдаж байжээ. Цөөхөн хэдэн номынх нь шүлэг урагдалгүй үлдэж хоцорсон байдаг гэсэн.

"Гаргантюа Пантагрюэль хоёр" гээд нэг зохиол байдаг бил үү. Тэр зохиолыг орос хэлнээс орчуулсан юм гэнэ лээ. Түүнийг нь Ринчен гуай тааруухан, муу орчуулга болж гээд жаахан шүүмжлэх аяс цухалзуулсан юм байх. Тэгэхээр нь мань нөхөр өөдөөс нь хэдэрлэж: "За, яахав, та миний орчуулгыг Монголын хамгийн муу орчуулга гээд нотлоодох. Харин би тэгвэл таны зохиолуудыг зохиол биш, орчуулга мөн гээд нотлоод өгье!" гээд чимээгүй болгож байсан гэдэг.

Ийм л нэгэн сэхээтэн 50, 60-аад оны үед амьдарч байж дээ.


Monday, June 8, 2015

Хар малгай Жамбал

Дээхэн үеийн Монголын сэхээтнүүдийн дотор Хар малгай Жамбал гэсэн нэр их дуулдах юм билээ. "Алт живж, зомгол хөвдөг орчлон" гэдэг шиг авъяас чадвараараа тухайн үедээ гайхагдаж байсан энэ хүн атаатан жөтөөтний хорсол атаархал, үзэл суртлын машины бай болж, хөдөө гадаа цөлөгдөж, тав тух муутайхнаар өтөл насны амьдралаа өнгөрүүлсэн гэх юм билээ.

Сервантесын алдарт "Дон Кихот"-ыг орчуулсан гэгдэх энэ хүн гадаад хэлийг сайн эзэмшсэний зэрэгцээ тоглоом наадамд нэн адтай нэгэн байжээ. Хөзөр, даалуу, шатар, биллъярд гээд тоглохгүй тоглоом байхгүй тэрбээр тухайн нийгмийн үедээ болдоггүй, хориотой юмнуудын нэг болох мөрийтэй тоглоомын хэргээр нутаг заагдаж, магадгүй аавын хаалга татаад ч авсан юм даг уу даа. 

Энэ хүний тухай заавал дурсагдах амьд домог болсон хүн байсан гээд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян өгүүлэл бичсэн байсныг уншсан шиг санагдана. Бас Өмнөговийн яруу найрагч Э.Хархүү гуай өөрийн дурсамж номондоо энэ хүнтэй нүүр тулан учирч явснаа ийн өгүүлжээ.

"Хар малгай Жамбал гуайтай аймгийн утга зохиолын дугуйлангийн хурал дээр нэг удаа таарсан юм. Тэр үед хөдөө нэгэн суманд орос хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд өөрийн бичсэн нэгэн жүжгийн зохиолоо дугуйлангийнхаар хэлэлцүүлэхээр иржээ. Аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс даалгавар авсан "манай талын дайсны цэргүүд" мань хүний зохиолыг ёстой бут авч өгчээ. Тэгэхэд Жамбал гуай: "Та нар хүүхдүүд тэгэхгүй" гээд жүжгийн зохиолын хэлэлцүүлэгтээ цэг тавьж цаашид хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Гараад, аймгийн төвд таньж мэдэх хүн байхгүй гээд, Хархүү гуайг хань татаад тэднийд очихоор болж. Замдаа билъярдын газраар нэг ороод гаръя гээд хамт оржээ. Тэгээд Хархүү гуайгаас хэдэн төгрөг зээлээд интерестэйгээр биллъярд тоглох юм болж. Эхлээд хэд тоглосон чинь бүх мөнгөө алдаад дуусчээ. Дахиад буцаж ирээд, дахин хэдэн төгрөг зээллэхдээ нүд ирмэж байна гэнэ. Яаж байгаа юм бол доо гээд гайхширсхийн харж байсан чинь, дараагийн тоглоомууд дээр бүгдийнх нь хор шарыг малтаж байгаад, хамаг мөнгөөр нь тоглуулаад хамаг мөнгийг нь ёстой хуу хамж гэнэ дээ.

Нөгөө залуучууд нь уурламаар аядаж, энэ одоо хаанахын хэн гээч нөхөр, хаанаас гараад ирэв, тагнуул юм уу, хаашаа юм гэцгээж. Ах нь та нарыг төрөөгүй байхад, алс холын баруун Европт тагнуул хийж, биллъярд цохиж сурч явлаа, мөнгөндөө харамсаад байвал май, талыг нь өгье, мөрийцөж чадахгүй бол дахиж битгий тоглож бай! гэчихээд хамт гарцгаажээ." 

Хар малгай Жамбал хэмээх одооныхоор бол казиночин баймаар, тоглоом наадмын одтой, азтай ийм нэгэн эр Халхын хавтгайд шуугиулж л явж дээ.