Wednesday, July 8, 2015

Монгол удамтай гээд бахархах аяс байдаг юм биш үү

Аливаа улс орны төр засгийн тэргүүн тухайн орныхоо хууль ёсонд захирагдаж, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхий л мэдлэг чадвараа зориулах нь зүй ёсны асуудал юм. Хэдийгээр бүх үйл ажиллагаа нь үндсэн хууль, төрт ёсны жам жаягтаа хайрцаглан баригдаж байдаг ч гэсэн бас тухайн хувь хүний онцлог, хувийн ааш араншин, тухайн цаг үеийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан, аливаа зүйлд хандах тухайн төрийн тэргүүний чиг хандлага өөр өөр байдаг аж. Үүнээс үүдэн тухайн удирдагчийг үнэлэх үнэлгээ ч өөр гардаг аж.

Горбачёвыг төрийг тэргүүн болж байхад үед нэлээн тархаж байсан онигоог сонссоноо толилуулъя. Ленин бол пролетарийн диктатур тогтож болох юм гэдгийг харуулсан. Сталин бол хувь хүний дарангуйлал бас тогтож болдгийг харуулсан. Хрущёв бол тэнэг хүн ч төрийн толгойд гарч болдог гэдгийг харуулсан. Брежнев бол улс орныг удирдахгүй, инерциэр нь явуулсан ч болдог гэдгийг харуулсан. Горбачёв бол зүгээр л нэг чалчаа хүн ч төрийн тэргүүн болж болно оо гэдгийг харуулсан. Нэг иймэрхүү онигоо. Энэ хэдий онигоо ч гэсэн, тэд ямаршуу төрийн тэргүүнүүд байсан бэ гэдгийг харуулах мэт.

Үүн шиг Хятадын төрийн тэргүүнүүд ч гэсэн бодвол бас л өөр өөрийн гэсэн өвөрмөц нэгэн онцлогтой буй за. Бид чинь өмнөд хөршийгөө огт мэддэггүй, сонирхдоггүй юм байна лээ. Хятадаар маш сайн ярьдаг Шведийн дипломатч Монголд иржээ. Улаанбаатарын гудамжинд бараг хүн бүхэн хятадаар яриад л хэлний асуудал үүсэхгүй ухааны юм бодож, Буянт-Ухаад газарджээ. Тэгтэл хятад хэл мэдэх хүн нэг ч тааралдаагүй гэнэ. Тэгээд үнэхээр гайхчихсан, 21 дүгээр зуун Хятадын зуун болно гээд бараг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихөөд байхад, танайх яахаараа ийм тэс эсрэгээрээ, хятад бол хэзээд манай атганд гэсэншүү сонин байгаа юм бэ гэж байж билээ. Энэ бол 2000 оны босгон дээр л шахуу болсон асуудал л даа.  

Башкирийн нийслэл Уфа хотноо ШХАБ, BRICS-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Үүнтэй чинь холбоотой БНХАУ-ын дарга Ши Жинпин Pax Mongolica-г сэргээх санаа сэдэлтэй юу гэсэн шигэвтэр гарчигтай мэдээ яахуу.ком дээр гарсан. Тэр өгүүллийн дор олон сэтгэгдэл бичигдсэн байсны нэгийг сонирхуулбал: 

"Би эх газрын Хятад иргэд Ши даргын өвөг дээдэс нь Монгол гаралтай гэж хов жив маягаар ярьж байхыг хэд хэдэн удаа сонссон. Тийм учраас тэрбээр Төрийн тэргүүн болсныхоо дараах Хятадын бүх ард түмэнд хандсан анхныхаа Шинэ жилийн мэндчилгээгээ айлчлан очсон Монгол айлынхаа гэрээс дэвшүүлсэн гэлцдэг. Энэ өгүүллийг уншаад надад төрсөн сэтгэгдэл гэвэл тэрээр Pax Mongolica-г сэргээх гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байгаагаас нь үзэхэд миний сонссон хов жив тийм ч үндэслэлгүй зүйл биш юм байна" гэсэн байлаа.

Хятадад ч гэсэн дээд өвөг нь Монгол хүн байсан, уламжлалт язгууртан сурвалжтай гээд бахархах аяс байдаг юм биш үү.


Sunday, June 21, 2015

Алмас Сандагдорж

50-60-аад оны Монголын сэхээтнүүдийн тухай яривал заавал дурсагдах ёстой хүмүүсийн нэг нь Сандагдорж гэж хүмүүс ярьж байхыг сонссон юм байна. Нүүр царайны ерөнхий хэлбэр нь алмас л нэг иймэрхүү байдаг болов уу гэмээр арзайсан том толгойтой, орос хэлийг гаргуун сайн мэддэг, мэддэггүй сонирхдоггүй сэдэв гэж бараг байдаггүй, шүлэг зохиол ч бас оролдож, зөвдөж буруудаж хэл аманд өртөж явсан нэгэн гээд л ярих юм билээ.

Физик, математикийн чиглэлээр сурч байсан юм уу даа. Юм юмаар хүнтэй маргасан, жаахан шизотой юм уу гэмээр хүн байсан гэж хүмүүс ярьж байхыг мөн сонссон юм байна. "Тууврын замд" гээд шүлэг бичээд буруудсан тухайгаа "Эрэлхэг Хайватын дуулал" гэдэг шүлэглэсэн зохиолыг орос хэлнээс орчуулсаныхаа өмнөх үгэнд "Ачит Да, Га багшийн сургаалаар" гэхчлэнгээр шүлэг зохион өгүүлээд түүнээсээ болж бас буруудан хэвлэсэн зохиолыг нь хураан авч өмнөх үг болох шүлгийг нь тасдан хаяж байсан гэдэг. Тэгээд яг л Ц.Дамдинсүрэн гуайн хоёр боть "Орос-Монгол толь" бүтээлийн "Мянган жилийн харьцуулсан хүснэг"-ийг урж тасдсан түүх давтагдаж байжээ. Цөөхөн хэдэн номынх нь шүлэг урагдалгүй үлдэж хоцорсон байдаг гэсэн.

"Гаргантюа Пантагрюэль хоёр" гээд нэг зохиол байдаг бил үү. Тэр зохиолыг орос хэлнээс орчуулсан юм гэнэ лээ. Түүнийг нь Ринчен гуай тааруухан, муу орчуулга болж гээд жаахан шүүмжлэх аяс цухалзуулсан юм байх. Тэгэхээр нь мань нөхөр өөдөөс нь хэдэрлэж: "За, яахав, та миний орчуулгыг Монголын хамгийн муу орчуулга гээд нотлоодох. Харин би тэгвэл таны зохиолуудыг зохиол биш, орчуулга мөн гээд нотлоод өгье!" гээд чимээгүй болгож байсан гэдэг.

Ийм л нэгэн сэхээтэн 50, 60-аад оны үед амьдарч байж дээ.


Monday, June 8, 2015

Хар малгай Жамбал

Дээхэн үеийн Монголын сэхээтнүүдийн дотор Хар малгай Жамбал гэсэн нэр их дуулдах юм билээ. "Алт живж, зомгол хөвдөг орчлон" гэдэг шиг авъяас чадвараараа тухайн үедээ гайхагдаж байсан энэ хүн атаатан жөтөөтний хорсол атаархал, үзэл суртлын машины бай болж, хөдөө гадаа цөлөгдөж, тав тух муутайхнаар өтөл насны амьдралаа өнгөрүүлсэн гэх юм билээ.

Сервантесын алдарт "Дон Кихот"-ыг орчуулсан гэгдэх энэ хүн гадаад хэлийг сайн эзэмшсэний зэрэгцээ тоглоом наадамд нэн адтай нэгэн байжээ. Хөзөр, даалуу, шатар, биллъярд гээд тоглохгүй тоглоом байхгүй тэрбээр тухайн нийгмийн үедээ болдоггүй, хориотой юмнуудын нэг болох мөрийтэй тоглоомын хэргээр нутаг заагдаж, магадгүй аавын хаалга татаад ч авсан юм даг уу даа. 

Энэ хүний тухай заавал дурсагдах амьд домог болсон хүн байсан гээд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян өгүүлэл бичсэн байсныг уншсан шиг санагдана. Бас Өмнөговийн яруу найрагч Э.Хархүү гуай өөрийн дурсамж номондоо энэ хүнтэй нүүр тулан учирч явснаа ийн өгүүлжээ.

"Хар малгай Жамбал гуайтай аймгийн утга зохиолын дугуйлангийн хурал дээр нэг удаа таарсан юм. Тэр үед хөдөө нэгэн суманд орос хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд өөрийн бичсэн нэгэн жүжгийн зохиолоо дугуйлангийнхаар хэлэлцүүлэхээр иржээ. Аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс даалгавар авсан "манай талын дайсны цэргүүд" мань хүний зохиолыг ёстой бут авч өгчээ. Тэгэхэд Жамбал гуай: "Та нар хүүхдүүд тэгэхгүй" гээд жүжгийн зохиолын хэлэлцүүлэгтээ цэг тавьж цаашид хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Гараад, аймгийн төвд таньж мэдэх хүн байхгүй гээд, Хархүү гуайг хань татаад тэднийд очихоор болж. Замдаа билъярдын газраар нэг ороод гаръя гээд хамт оржээ. Тэгээд Хархүү гуайгаас хэдэн төгрөг зээлээд интерестэйгээр биллъярд тоглох юм болж. Эхлээд хэд тоглосон чинь бүх мөнгөө алдаад дуусчээ. Дахиад буцаж ирээд, дахин хэдэн төгрөг зээллэхдээ нүд ирмэж байна гэнэ. Яаж байгаа юм бол доо гээд гайхширсхийн харж байсан чинь, дараагийн тоглоомууд дээр бүгдийнх нь хор шарыг малтаж байгаад, хамаг мөнгөөр нь тоглуулаад хамаг мөнгийг нь ёстой хуу хамж гэнэ дээ.

Нөгөө залуучууд нь уурламаар аядаж, энэ одоо хаанахын хэн гээч нөхөр, хаанаас гараад ирэв, тагнуул юм уу, хаашаа юм гэцгээж. Ах нь та нарыг төрөөгүй байхад, алс холын баруун Европт тагнуул хийж, биллъярд цохиж сурч явлаа, мөнгөндөө харамсаад байвал май, талыг нь өгье, мөрийцөж чадахгүй бол дахиж битгий тоглож бай! гэчихээд хамт гарцгаажээ." 

Хар малгай Жамбал хэмээх одооныхоор бол казиночин баймаар, тоглоом наадмын одтой, азтай ийм нэгэн эр Халхын хавтгайд шуугиулж л явж дээ. 

Sunday, May 31, 2015

Ялалтын шинэ эзэн

"Наймаанд найзгүй" гээд нэг үг байдаг даа. Бодвол, зах зээлийн нийгэм гэж ийм юм байдаг гэж дөнгөж амталж эхэлж байсан 90-ээд оны эхээр сайны хажуугаар саар гэгчээр хулхидаж, хулхидаж чадахгүй бол хулхидуулж үзэж байсан үед гарсан үг буй за.

Тэрэн шиг ялалтанд ч олон эзэн олдох бололтой дог оо. Саяхан ялалтын 70 жилийн ойн баяр боллоо доо. Энэ үеэр мөн ч олон янзын сээгий бичигдэв дээ. Орос, Герман хоёр нийлээд парад зохиож байсан л гэнэ, Орос дайрах гээд байхаар, Герман өрсөөд дайрсан л гэнэ, 2 дугаар фронт нээгдээгүй бол Оросууд будаа болох байсан л гэнэ, Освенцимыг оросууд чөлөөлөөгүй, Украйны 1 дүгээр фронт чөлөөлсөн гэнэ. Украйны 1 дүгээр фронтод нь украйнаас өөр хүн авдаггүй байсан бололтой юм оо. Оросууд Украйныг эзлэх гээд дайрсан учраас өрнөдийн орнуудын төр засгийн тэргүүнүүд ялалтын баярт оролцоогүй л гэнэ. Путинг бол бүр аймаар мангас гэжийн ш дээ. Хажууд нь Гитлер ах харин их гайгүй хүнлэг байсан гэнэ ээ. Хүүхэд мүүхдийн хацар илдэг, Эвадаа их хайртай байсан л гэнэ.

Тэгээд Москвад сүр жавхлантай болж өнгөрсөн Ялалтын баярын параданд, Ши Жинпин даргыг эс тооцвол, хэрэггүй хэдэн орны төр засгийн тэргүүн оролцсон гэх шив дээ. Ши Жинпин дарга Москвад хэлсэн үгэндээ: "Хятад болон Орос улсууд дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд фашизм, милитаризмтай хамтын тэмцлийг өрнүүлж ирсэн билээ. Хятад улс Японы милитаристууд хийгээд фашистуудтай хамгийн эхнээс нь, хамгийн их удаан тэмцлийг өрнүүлсэн бөгөөд тэр үед Хятад улс Ази тивд өрнөсөн дайны үйл явцын гол фронт болж байлаа" гэж онцлон мэдэгдэв.

Дэлхийн 2 дугаар дайнд ялагч орнуудын нэг болох БНХАУ ялалтын 70 жилийн ойгоо ирэх 9 сарын 3-нд Бээжин хотноо ёслол төгөлдөр тэмдэглэхээр болж, Путин хийгээд өөр бусад улсуудын төрийн тэргүүнүүдийг урилаа.

Уг нь манай коммунист түүх сурталчлахдаа, Монголын 80,000 хүнтэй морьт арми, Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэн тулалдаж, Хятадын газар нутгийг чөлөөлцсөн гэдэг байж билээ. Одоо тэр ч худлаа болж таарлаа. Угаасаа манай тавдугаар цувааныхан үгүйсгээд сүйд болдог биз дээ. Тавдугаар цувааныхныг таньж ядаад байх юм байхгүй. 1937 онд хэлмэгдсэн хүмүүсийн тоог хэлэхээрээ 100 мянга гаруй гээд, чөлөөлөх дайнд оролцсон монгол цэргийн тоо гэхээр 20 мянга хүрэхтэй үгүйтэй гээд л эхэлдэг.  

Мулгуй би вээр бодохдоо, хятадын коммунистууд хэдийгээр японы түрэмгийллийг эсэргүүцэж байсан ч, хожим гоминданчуудтай тулалдах гээд хүчээ нөөгөөд байсан уу, яасан уу, төдий л дорвитой тулалдаж, шальтай ялалт байгуулаагүй гэж боддог байсан чинь, харин үгүй шүү, нөгөөдүүл чинь манай урд хилийг улаан цээжээрээ хааж, гарамгай ялалтыг байгуулсан болж таарав.

Ялалтанд хүртэл шинэ эзэн олдоод байх юм даа.


Подробнее:http://www.rosbalt.ru/blogs/2015/05/12/1397263.html


Saturday, April 11, 2015

Улаан хядлага ба Еврейчүүд

Еврейчүүд гээд сонин хүмүүс байх юм даа. Өөрсдөө бараг нутаг оронгүй шахам хэдэн зуун сая арабуудтай нэг жаахан газар булаацалдаад бараг ялаад байгаад байдаг. Нутаг нэгтэн еврейчүүд нь дэлхийн хаа бол хаана, бараг улс бүрийн төрийн толгойд гарахаа шахаад байдаг. Америкийг еврейчүүд атгаж байдаг гэвэл бараг маргах хүн гарахгүй биз. Орост ч ялгаагүй, хөрөнгөтний шинэ хувьсгалын тэргүүн магнайд еврейчүүд явж, анхны шинэ баячууд Березовский, Гусинский, Ходорковский, араас нь залгаад Абрамович, Вексельберг гээд л цуварч байна.

Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд олон еврей хомроголон хядлаганд өртсөн нь яах аргагүй үнэн. Тэгтэл дандаа алуулаад байсан юм уу гэвэл бас чиг эсрэг талд нь алаад явж байсан үе ч байна. Октябрийн хувьсгалд еврейчүүд бас л голлох үүрэг рольтой оролцсон байдаг. Улаан армийн анхны анги нэгтгэл, Хувьсгалт цэргийн зөвлөлийг алдарт Тройцкий толгойлж байсан байх юм. Зөвлөлүүдийн орны эхэн үеийн төр засгийн удирдлагад еврейчүүд голлон, гол хөдөлгөгч хүч нь болж байлаа. Зарим статистик мэдээгээр бол, 1917 – 1921 оны хооронд, Зөвлөлтийн ардын комиссаруудын 77,2%, Цэргийн комиссарын газрын 76,7%, Гадаад хэргийн ардын комиссарын газрын 81,2 %, Сангийн ардын комиссарын газрын 80%, Хууль зүйн ардын комиссарын газрын 95%, Нийгмийн хангамжийн ардын комиссарын газар бүхэлдээ 100%, Хөдөлмөрийн ардын комиссарын газрын 87,5%, мужуудын ардын комиссаруудын  91%, сэтгүүлчид бүгдээрээ 100% еврейчүүд байжээ. Үүнээс гадна, Большевикуудын төв хорооны гишүүн 12 хүний 9, Меньшевикуудын төв хорооны гишүүн 11 хүн 11-үүлээ, Баруун эсерүүдийн төв хорооны 15 гишүүний 13, Зүүн эсерүүдийн төв хорооны 12 гишүүний 10, Анархистуудын төв хорооны 5 гишүүний 4 нь еврей хүн байжээ.

Шинээр бий болсон Зөвлөлт засаг өөрийн эрх мэдэл, засаглалаа тогтоохын тулд өмнөх үеэ ул мөргүй арчин цэвэрлэх, үүний тулд нэн тэргүүнд өмнөх нийгмийн байгууллын үед илүү их нэр нөлөөтэй байсан хөрөнгөлөг хэсэг хийгээд нийгмийн аливаа үзэгдэлд өөрийн гэсэн тогтсон үзэл бодолтойгоор ханддаг сэхээтний хэсгийг ямар ч шүүхгүйгээр шууд хэлмэгдүүлэн хяргаж, нухчин дарсан улаан хядлага харгислалыг явуулахад ч еврейчүүд мөн л ханцуй шамлан гардан оролцжээ. Тухайлбал, Дотоод хэргийн ардын комиссарын газар гэхэд үндсэндээ еврей нарын бүрэн хяналтанд байсан бөгөөд ардын комиссар Зиновьев буюу Апфельбаум, үзэл суртлын хэлтсийн дарга Гольденрудин, дотоод хэргийн ардын комиссарын туслах Урицкий, Петроградын коммуны эдийн засгийн комиссын дарга Эндер, улс төрийн комиссын дарга Рудник, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн комиссар Фенигштейн, туслахууд нь болох Крохмаль, Абрам, Загорский, Петроградын хэвлэлийн комиссар Володарский, Петроградын иргэдийн дарга Шнейдер, Москвагийн иргэдийн дарга Минор, Москвагийн хэвлэлийн комиссар Красиков, Петроградын цагдаагийн комиссар Файерман, хэвлэлийн товчооны дарга Мартинсон, Москвагийн аюулгүй байдал эрхэлсэн комиссар Розенталь гэсэн еврей хүмүүс байжээ. Петроградын онцгой комиссын бүх гишүүд Шейнкман, Гиллер, Козловский, Модель, Розмирович, Дисперов, Иосилевич, Красиков, Бухъянович, Мернис, Пайкерс, Анвельт гээд бүгд еврей хүмүүс байжээ. Петроградын хотын зөвлөлийн гишүүдээс Зорге, Радомысльский нар, Москвагийн онцгой комиссын дарга Зержинский мөн еврей хүн байжээ.


Ийнхүү улаан хядлагыг сэдэж, гардан гүйцэлдүүлэгчид нь үндсэндээ еврей нар байжээ.

Sunday, April 5, 2015

Номхон цэрэг

Ялалтын баяр дөхөөд дэлхийн хоёрдугаар дайнд оролцогсдын тухай мэдээ, баримтууд ихээр нийтлэгддэг болж. Ер нь аугаа их эх орны дайнд оросуудаас гадна, бага ястнууд маш сайн оролцож, их гавьяа байгуулсан гэгддэг ярьдаг шүү дээ. Тувагаас гэхэд Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор 2 хүн шагнагдаж байсан юм билээ. Бас Халимагуудаас зарим нь урвасан гэгдэх боловч, олон хүн үнэхээрийн сайн байлдаж, нийт 21 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн нь тухайн үедээ РСФСР-ын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт байсан гэж сонссон юм байна.

Саявтархан Хамниган буриад мэргэн буудагчийн тухай сонирхолтой материал уншсанаа сийрүүлэн бичье. Денис Могилевич Номоконов хэмээх эр 367 фашистыг устгаж баатар цол хүртсэн байдаг юм байна. Уг нь бол өөрийг нь Дэнсээ, аавыг нь Магал, өвөг эцгийг нь Номхон гэдэг байжээ. Бичиг баримтыг нь бичиж бүрдүүлсэн оросын ачаар Денис Могилевич Номоконов гэдэг албан ёсны нэртэй болсон аж.

Дайн эхлэхэд, Денис Могилевич эх орноо хамгаалахаар сайн дураараа цэргийн албанд морджээ. Энэ үед мань эр нас аль хэдийнээ дөч гарчихсан, бие бялдрын хувьд намхан, жижиг, туранхай хүн байжээ. Цэрэг татлагын комисс хөгшин цэрэг гэж барааклаад, шууд арын албанд, гал зууханд хуваарилжээ. Ингээд нэг жил орчим туслах тогоочийн ажлыг хийжээ. Би фронтод явмаар байна гэж өргөдөл гаргаад байхаар нь, гал зуухнаас нь болиулаад эмнэлгийн батальонд фронтын шугамаас шархтан зөөдөг сувилагч цэргээр томилжээ. Ингэснээр фронтод явмаар байна гэхээр амыг нь таглаж, чи фронтод л байна ш дээ. Өөр хаашаа явах гээд байгаа юм гэдэг болж. Ингээд ёстой хувь заяатайгаа эвлэрээд шархадсан цэрэг зөөгөөд л гүйж байж. Анх цэрэгт татагдсанаасаа хойш 2 жил гаруйг ингэж л өнгөрүүлжээ.

Тэгтэл ийм нэг явдал тохиолджээ. Нэг удаа фронтын шугамаас шархадсан, нэлээн том биетэй цэргийг үүрээд, өөрийнхөө талын окоп руу явж байсан чинь, дайсны талаас урд нь, хойно нь, хажууд нь буудаж, тохуурхаж, айгаад хэвтэхээр нь больчихоод, үүрээд урагш явмаар аядахаар нь дахиж буудаад л, нэг ёсондоо ядарсан хөгшин цэргээр зугаагаа гаргаж байна гэнэ. Тэгтэл мань хөгшин цэрэг яг окоп руугаа орохын өмнөхөн хажуудаа хэвтээ үхсэн цэргийн бууг шүүрч аваад, бараг онилолгүй шахам ганцхан буудаад унагачихаж.

Үүнийг нь командын байрнаас фронт командлагч том дарга нар нь дурангаар харж байж. Энэ нөхөр чинь үнэхээр ийм мэргэн бууддаг юм уу, эсвэл сохор аз таарав уу гэлцээд, сая буудсан цэргийг штаб дээр гээд дотор холбоогоороо дууджээ.

Ангийн жижүүр нь штаб дээр дуудаж байна гээд дагуулаад очихоор айна биз дээ, болохгүй л хэрэг хийгээд болдоггүй хүнийг нь буудчихаж гэж бодоод өөрийгөө өмөөрч тэр чинь өөрөө эхэлж буудаад байхаар нь би аргагүйн эрхэнд буудсан ш дээ гэсэн тайлбар тавьсан чинь, дайсны цэргийг алсныг нь биш, буудах арга барил, чадварыг нь сонирхоод байсан юм байжээ.

Тэгээд шархтан зөөдөг, нэг муу хөгшин цэрэг буудсан гэхэд нэг л итгэж өгөхгүй, армийн онц буудагчийн нормативаар шалгаж, баргийн хүний чаддаггүй хэцүү хэцүү байнуудыг буудуулахад бүгдийг нь үнэн сурамгай, үнэн мэргэн оножээ.

Бид нэг ийм мэргэн буудагч бэлдэх гэж наян юм болж байхад, ясны мэргэн буудагч, энд талх зөөгөөд л гүйж байх гэж гэлцээд, шууд тэр цаг мөчөөс эхлээд л мэргэн буучдын тусгай салаанд шилжүүлжээ.

Үнэндээ армийн мэргэн буудагчийг сар жилээр бэлдээд бэлдээд бас заримдаа хүссэн амжилтандаа хүрдэггүй байтал, дөнгөж нэг нэрээ тавих төдий бичиг үсгийн боловсролтой, хөдөө бөглүү нутгийн хөгшин цэрэг тэднээс хавьгүй илүү дадал, туршлагыг эзэмшсэн байсан нь үнэхээр гайхшруулжээ. Тэгээд үлдсэн 2 жил орчим хугацаандаа тусгай даалгавраар голдуу офицер, 367 фашистыг устгасан ажээ.

Үүнээс хамгийн том нь Берлинээс шалгалтаар ирсэн генералыг устгасан явдал гэнэ. Берлинээс том генерал шалгалтаар ирж байгааг мэдмэгцээ, Зөвлөлтийн командлал фронт дээр ирсэн хүн ямар ч байсан наашаа нэг харна даа, энэ дурантай хэсэг хамгийн их магадлалтай газар, тэгэхэд нь чадхийлгэчихвэл гэлцээд, юу ч болтугай найдвартай мэргэн буудагч Номоконовтоо тушаал өгөөд үзэхээр болж. Номоконов ч тушаалыг аваад, өглөө үүрээр харанхуй байхад явжээ. Хоёр талын командын байрны дунд хэсгийг нь минажүүлчихсэн, ер нь задгай цагаандуу газар гэнэ. За, тэгээд нар мандаад, өглөө болж, үд болж, үдээс хойш 3-4 цагийн нөгөө генерал чинь ёстой л хүссэнээр нь болж, дайсныхаа тал руу харахаар дурангаараа шагайхад нь ганцхан буун дуу гараад, генерал тас савж унажээ. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л Германы талаас бүрий болтол ёстой хайр найргүй зогсолтгүй шүршиж гэнэ.   

За даа, ингэж их буудаж байхад, хөгшин цэргээс юу ч үлдээгүй, шүүрэн шанага болсон байх даа гэсэншүү юм бодож байтал, харанхуй болсон хойно цэрэг Номоконов жаахан шалбархай ч үгүй, зүв зүгээр хүрээд иржээ. Яасан гэхээр дунд талын минатай талбайн ойролцоо хоёр талын ухсан окопны тэхий дунд шахам нөгөө задгай цагаан газарт чинь өнгөлөн далдлаад нуугдчихсан байсныг өдөржин дурандсан манай тал ч хараагүй, цаанаас нь дурандсан германы тал ч хараагүй, хаа хамаагүй баахан буудсан юм байж.

Ингэж л анчин, малчин, нүүдэлчин удмын нэгэн буриад эр аугаа их эх орны дайны баатар болсон түүхтэй юмсанжээ.

  


Tuesday, March 17, 2015

Чойжоо багш

Монгол түмний оюуны их өргөө болсон Монгол улсын их сургуулийн Хэлбичгийн факультетэд монгол бичиг заадаг, Дагвын Чойжилсүрэн гэдэг буянтай буурал багш байсныг бараг 90-ээд оныг хүртэлх үе үеийн оюутнууд нь мэдэх буй за.

Чойжоо багш Монгол рабфакт сурч, их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилсээр шоронд хүртэл сууж, юм юм үзсэн хашир догь хүн хэдий ч, одоо үе ардчилалдаа долигонож бөгс долоож байгаатай адил, тэр үед социализм, коммунизмдоо үнэнчээ гайхуулж, бялдуучлагчдыг харин ч нэг үздэггүй яг голоор нь хээв нэг хэлдэг байжээ.

Тэр үед Чойжоо багш гурван зүйлд үнэн дургүй, шууд үгүйсгэдэг байсан гэдэг. Эхнийх нь ангийн тэмцэл. Тэр үед бүх л үзэл суртлын хэрэгсэл хар шар феодал, ангийн тэмцэл гээд л номлодог байсан болохоор, зарим нэгэн хүн үнэхээр л Улаан дарцаг кинон дээр гардаг шиг хүүхдүүд хүртэл хүрээнд ном үздэг, ардын сургуульд сурдгаараа ялгараад, зодолдож нүдэлдээд байсан юм бодож, таныг бага байхад ангийн тэмцэл ширүүн байсан биз гэж асуудаг гэнэ. Тэгэхэд нь Чойжоо багш, хн, үхсэнийх нь ангийн тэнцэл, өдөржин хамт тоглож, шөнө нь хөнжил гудас нь хүрэлцэхгүй, нэг оронд, бие биенийхээ илчинд дулаацаж унтаж аваад л өглөө босоод хүрээ хийд рүүгээ явах нь хүрээ хийд рүүгээ, сургуульдаа явах нь сургуульдаа явдаг л байсан гэж хариулан, ангийн тэмцлийн галыг нам унтраадаг байсан гэдэг.

Хоёрдахь үнэн дургүй зүйл нь Ард Аюушийн тэмцэл. Тэр үед чинь Ард Аюуш гээд аймаар нэг коммунист үзэлтэй хүн хошууныхаа харанхуй бүдүүлэг ардуудын дунд хувьсгалын гэрэл гэгээг мандуулах гээд л үйлээ үзсэн юм ярьдаг. Үнэндээ тэр бол үлгэр байж л дээ. Ард Аюуш нь бол социализм, коммунизмын тухай ямар ч ойлголт байхгүй, яахав, тийм нэг хэрүүлч, заргач хүн байж л дээ. Ер нь хэл амтай хүнээс ямар ч нийгэмд, ямар ч хүн ер нь аймтгай байдаг ш дээ. Ард Аюушаас бусад нь хошуу ноёноо хүндэтгэдэг, эх захаа мэддэг, төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг шиг тухайн үедээ төр засаг нь болж байсан засаг ноёнтойгоо тэр бүр заргалдаад байдаггүй, харин ч эсрэгээрээ ихэд хүндэтгэлтэй хандаж, хэлсэн ярьсныг нь хууль мэт хүлээн авдаг байж л дээ. Тийм ч учраас кинон дээр гардаг шиг Богд хаандаа мөргөн, мутраас нь адис авна гээд өдөр хоногоор хүлээдэг байсан нь огт хоосон зохиомол зүйл биш, хаан төрөө эрхэмлэн дээдэлдэг дорно зүгийн ард түмнүүдийн уламжлал, ёс заншлын нэгэн илрэл байжээ. Үүний бодит жишээ нь, Тайланд, Япон улсууд байна. Тэнд харин хүн ард нь эзэн хаандаа ёстой чин зүрхнээсээ сүсэглэн мөргөдөг юм байна лээ дээ. Тийм уламжлал ч Монголд байжээ. Түүнийг нь эхлээд ардын хувьсгалынхан, дараа нь ардчилсан хувьсгалынхан бүр мөсөн устгаад, одоо төр засаг, ахмад үе рүүгээ шүлсээ үсчүүлэн, яаж дайрч доромжлохыг биеэр үзүүлж байсан Элбэгдоржтон бээр хэдийгээр хааны сэнтийд суусан ч хаа хамаагүй Төвд нутгаас гаралтай, Монгол төрийн зүтгэлтэн Богд хаан шиг хүндэтгэл бишрэлийг Монголын ард түмнээс хүртэнэ ээ гэвэл гонжийнжоо, голионы баас юм биз дээ. Одоо яая гэхэв дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр!

Гурав дахь дургүй зүйл нь шилийн сайн эр! Социализмын үед шилийн сайн эрс чинь ер нь нэг тийм баатарлаг, сайхан, Робин Гуудууд боллоо ш дээ! Шилийн сайн эргүй кино, роман, дуу, шүлэг, зохиол ч гэж байхгүй болсон! Тэгэхэд, Чойжоо багш, шилийн сайн эр гэдэг чинь хошуу нутаг дамжсан малын л хулгайч ш дээ! Хулгайчийг магтан дуулдаг ийм нийгэм байж болж байгаа юм уу гэж амыг нь асуусан гэж байгаа. Яахав, хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй нь сайхан ч гэлээ, үнэндээ бол хэдэн хошуу дамжуулах учраас голдуу хол гүйдэлтэй адуу морь хулгайлдаг байсан, одоогийнхоор бол Увс, Завханыхны цусыг хуруулж байгаа, Тувагийн малын хулгайч кайгалууд бол жинхэнэ шилийн сайн эрс бөлгөө. 

Ийнхүү Чойжоо багшийн тухай сонссон дуулснаа бурж бурж орхив. Бурхан өршөөгтий!!!