Thursday, December 10, 2009

Баатартай болсонд баяр хүргэе!

Зиа, ингээд Ардчилсан хувьсгалын анхны баатартай болдог байж. Баяр хүргэе!

Би өөрөө бол ямар ч хувьсгал, ямар ч дайн байлдаан, тэр бүү хэл ямар ч том зодоонд оролцож үзээгүй л дээ. Тийм болохоор баатрын алтан хошуу гэдэг нь үнэхээр цөөхөн л хүний шагнал байх гэж аймаар атаархаж боддог ш дээ.

Манай будаг нь ханхалсан цоо шинэ баатар бол харин их даруухан хүн юм оо. "Би бол ерөөсөө юу ч биш, би үнэхээр баатар хүмүүсийн дунд байсан. Тэд л авах байсан юм" гээд л. Тэгээд одоо бүгдэд нь баатар цол олгох гэхээр нөгөө зүүж өгөх юм нь цөөдөөд дутаад байсан юм даг уу даа. Ямар ч байсан энэ удаад ганц хүнд олгосон бололтой юм аа, янз нь. Бас нэг давуу тал байснаа ч нуусангүй. Өөртөө нь адил баатар болчихмоор хүмүүс байсныг нь нуулгүй, нэрийг нь дурдаж бахархан дурсаж байна билээ. Харин нөгөө хүмүүс нь одоо бүгд бурхан болчихсон бололтой юм аа. Тэгээд ч бас "Нэгэнт нас нөгчсөн хүнд аливаа гавьяа шагналыг нөхөн олгохгүй тухай" Монгол улсын хууль их хурлаар батлагдах гэж байгаа бололтой юм аа. Тэгээд л аз болоод, манай хүн шагналыг хүртсэн юм байна л дээ. Би ярианаас нь тэгж л ойлголоо. Манай нэг яруу найрагч "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэж их л алсын хараатай, жинтэй үг хэлснийг энэ өдөр ингэж би жинхэнээр нь ойлгов.

За, тэгээд баатар болоогүйнүүд нь нээк атаархаад, байж ядаад байх хэрэггүй л юм шиг байна ш дээ. Өөр зарим бусад одон авсан хүмүүс нь баярласандаа "Ганц би баатар биш ээ. Монголын ард түмэн баатар" гэсэн үгс унагаж л байна лээ. Тэгэхээр яваандаа, Улсын их хурлаар Улсын баатарын тухай хууль батлагдаад Монголын ард түмэн бид бүгдээрээ баатар болох л юм байна лээ.

Тэр болтол тэвчээд, шинэ баатартаа баяр хүргээд л сууж байя даа, Монголчууд аа! Бид бүгдээрээ баатрууд шүү!

No comments:

Post a Comment