Монгол түмний оюуны их өргөө болсон Монгол улсын их сургуулийн Хэлбичгийн факультетэд монгол бичиг заадаг, Дагвын Чойжилсүрэн гэдэг буянтай буурал багш байсныг бараг 90-ээд оныг хүртэлх үе үеийн оюутнууд нь мэдэх буй за.
Чойжоо багш Монгол рабфакт сурч, их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилсээр шоронд хүртэл сууж, юм юм үзсэн хашир догь хүн хэдий ч, одоо үе ардчилалдаа долигонож бөгс долоож байгаатай адил, тэр үед социализм, коммунизмдоо үнэнчээ гайхуулж, бялдуучлагчдыг харин ч нэг үздэггүй яг голоор нь хээв нэг хэлдэг байжээ.
Тэр үед Чойжоо багш гурван зүйлд үнэн дургүй, шууд үгүйсгэдэг байсан гэдэг. Эхнийх нь ангийн тэмцэл. Тэр үед бүх л үзэл суртлын хэрэгсэл хар шар феодал, ангийн тэмцэл гээд л номлодог байсан болохоор, зарим нэгэн хүн үнэхээр л Улаан дарцаг кинон дээр гардаг шиг хүүхдүүд хүртэл хүрээнд ном үздэг, ардын сургуульд сурдгаараа ялгараад, зодолдож нүдэлдээд байсан юм бодож, таныг бага байхад ангийн тэмцэл ширүүн байсан биз гэж асуудаг гэнэ. Тэгэхэд нь Чойжоо багш, хн, үхсэнийх нь ангийн тэнцэл, өдөржин хамт тоглож, шөнө нь хөнжил гудас нь хүрэлцэхгүй, нэг оронд, бие биенийхээ илчинд дулаацаж унтаж аваад л өглөө босоод хүрээ хийд рүүгээ явах нь хүрээ хийд рүүгээ, сургуульдаа явах нь сургуульдаа явдаг л байсан гэж хариулан, ангийн тэмцлийн галыг нам унтраадаг байсан гэдэг.
Хоёрдахь үнэн дургүй зүйл нь Ард Аюушийн тэмцэл. Тэр үед чинь Ард Аюуш гээд аймаар нэг коммунист үзэлтэй хүн хошууныхаа харанхуй бүдүүлэг ардуудын дунд хувьсгалын гэрэл гэгээг мандуулах гээд л үйлээ үзсэн юм ярьдаг. Үнэндээ тэр бол үлгэр байж л дээ. Ард Аюуш нь бол социализм, коммунизмын тухай ямар ч ойлголт байхгүй, яахав, тийм нэг хэрүүлч, заргач хүн байж л дээ. Ер нь хэл амтай хүнээс ямар ч нийгэмд, ямар ч хүн ер нь аймтгай байдаг ш дээ. Ард Аюушаас бусад нь хошуу ноёноо хүндэтгэдэг, эх захаа мэддэг, төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг шиг тухайн үедээ төр засаг нь болж байсан засаг ноёнтойгоо тэр бүр заргалдаад байдаггүй, харин ч эсрэгээрээ ихэд хүндэтгэлтэй хандаж, хэлсэн ярьсныг нь хууль мэт хүлээн авдаг байж л дээ. Тийм ч учраас кинон дээр гардаг шиг Богд хаандаа мөргөн, мутраас нь адис авна гээд өдөр хоногоор хүлээдэг байсан нь огт хоосон зохиомол зүйл биш, хаан төрөө эрхэмлэн дээдэлдэг дорно зүгийн ард түмнүүдийн уламжлал, ёс заншлын нэгэн илрэл байжээ. Үүний бодит жишээ нь, Тайланд, Япон улсууд байна. Тэнд харин хүн ард нь эзэн хаандаа ёстой чин зүрхнээсээ сүсэглэн мөргөдөг юм байна лээ дээ. Тийм уламжлал ч Монголд байжээ. Түүнийг нь эхлээд ардын хувьсгалынхан, дараа нь ардчилсан хувьсгалынхан бүр мөсөн устгаад, одоо төр засаг, ахмад үе рүүгээ шүлсээ үсчүүлэн, яаж дайрч доромжлохыг биеэр үзүүлж байсан Элбэгдоржтон бээр хэдийгээр хааны сэнтийд суусан ч хаа хамаагүй Төвд нутгаас гаралтай, Монгол төрийн зүтгэлтэн Богд хаан шиг хүндэтгэл бишрэлийг Монголын ард түмнээс хүртэнэ ээ гэвэл гонжийнжоо, голионы баас юм биз дээ. Одоо яая гэхэв дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр!
Гурав дахь дургүй зүйл нь шилийн сайн эр! Социализмын үед шилийн сайн эрс чинь ер нь нэг тийм баатарлаг, сайхан, Робин Гуудууд боллоо ш дээ! Шилийн сайн эргүй кино, роман, дуу, шүлэг, зохиол ч гэж байхгүй болсон! Тэгэхэд, Чойжоо багш, шилийн сайн эр гэдэг чинь хошуу нутаг дамжсан малын л хулгайч ш дээ! Хулгайчийг магтан дуулдаг ийм нийгэм байж болж байгаа юм уу гэж амыг нь асуусан гэж байгаа. Яахав, хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй нь сайхан ч гэлээ, үнэндээ бол хэдэн хошуу дамжуулах учраас голдуу хол гүйдэлтэй адуу морь хулгайлдаг байсан, одоогийнхоор бол Увс, Завханыхны цусыг хуруулж байгаа, Тувагийн малын хулгайч кайгалууд бол жинхэнэ шилийн сайн эрс бөлгөө.
Ийнхүү Чойжоо багшийн тухай сонссон дуулснаа бурж бурж орхив. Бурхан өршөөгтий!!!
Сайн эрийн тухай би бас тайлбарлаж бичээд ядчихаад байгаа юм. Хулгайч шүтдэг нийгэм яаж эрүүл байх вэ? Хуулиа яаж хүндэлдэг болох вэ? Бүгдээрээ л Алтан овоод мөргөөд байдаг, намайг хулгайч болгож өгөөрэй гэж байгаа юм уу учир нь сайн ойлгогдохгүй.
ReplyDelete