Монголын ардын армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Б.Цог бол дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын маршал Васильевскийн командалсан Белоруссийн нэгдүгээр фронтод их бууны анги удирдан оролцож явсан, Монголын цорын ганц цэргийн дарга бөлгөө. Энэ хүнтэй холбоотой дурсамж яриа ард олны дунд нэлээд тархсан байдаг.
Цог генерал хээгүй зантай, биеэр жижгэвтэр боловч, бас чиг танхай талдаа хүн байжээ. Ленин клубын тэнд хэдэн цэрэг, залуучууд хоорондоо зодолдож байгаатай тааралдаад, жолоочдоо хэлж машинаа зогсоолгоод, генералын мөрдөстэй кителиэ тайлж, суудал дээрээ тавиад, "Генерал нь эндээ үлдэг, Цог нь бууна аа" гээд, зодоон дотор орчихсон, цэргүүдээ өмөөрөөд гүйж байсан гэж байгаа.
Бас армийн үлээвэр хөгжмийнхөн гаднын зочид төлөөлөгчдийг Буянт-Ухаад хүндэтгэн угтаж авахаар цэргийн Зил - 131 гэж монхор ногоон машины тэвшин дээр хамаг хөгжим зэмсэг, хүнээ ачиж аваад хөдөлжээ. Тэгсэн чинь төв шуудангийн уулзвар дээр хүнээ суулгаж явсангүй, босоогоор зогсоолоо гээд замын цагдаа тас шүгэлдээд зогсоож гэнэ. Удалгүй араас нь Цог генерал машинтайгаа давхиж ирээд, яав ийм, яагаад зогсоод байгаа юм гэж асууж гэнэ. Цагдаа зогсоочихлоо гэсэн чинь, Цог генерал машинаасаа бууж очоод, нөгөө цагдааг эрээн дохиур модыг нь гозгонуулан өргөж аваачаад, монхор ногоон машиныхаа тэвшин дээр шидчихээд, яв гэж тушаажээ. Машин ч явж, төв шуудангийн төв уулзвар зохицуулагчгүй хоцрох нь тэр. Нисэх дээр очоод угтах ёслолын ажиллагаа дууссаны дараа, өнөөх цагдааг чинь үргэжлүүлээд хотын комендантын сахилгад аваачаад хийчихэж. Баларна биз. Тэгээд нөгөө цагдааг хоёр нэг хонуулаад, Цагдаагийн газрын дарга нар уучлалт гуйж, учирлан байж, гаргаж авсан гэж байгаа. Түүнээс хойш төрийн ёслолын цувааг зогсоох бөх зүрхтэй цагдаа дахиж гараагүйгээр үл барам, цуваа ирэх сургаар бүх хөдөлгөөнийг хааж, хүндэтгэн өнгөрүүлдэг жишиг тогтсон гэдэг.
Монгол улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цог гэдэг чинь ингэж л цэрэг цагдаагийнхны зүрхэнд шар ус хуруулж явсан омголон эр юмсанжээ.
No comments:
Post a Comment