Өнөөдөр чинь эх орончдын баяр юм байна. Хуучнаар бол намын баяр. Бас архи уудаггүй хүмүүсийн баяр. Хот болоод дүүргийн мэргэн дарга нарын ачаар сар бүрийн шинийн нэгний өдөр архигүй өдөр болсон гэх юм билээ. Хотын даргын тушаал над огт падлийгүй боловч дэлгүүр нь архиа зарахгүй шаналгаад байдаг болохоор би ер нь нөөцтэй байдаг болсоон. Даанч нөгөө нөөцөө ойр ойрхон, дуустал нь уучих гээд байдаг гэмтэй. За, тэгээд Цагаан сарын үлдэгдэл, ганц шил вискигээ ганцаараа, компьютертэйгээ нийлээд ууж байна даа. За, та бүхний эрүүл мэндийн төлөө!
Ер нь бол өнөөдөр гэрээсээ гараагүй болохоор нүдээрээ хараагүй л дээ! Гэхдээ Интернэт гээд энэ нэг ид шидийн ертөнцийн ачаар ер нь юу болоод байгааг тандвал, өглөөгүүр Энхбаяр ба түүний нам, бас МАН Сүхбаатарын талбай дээр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Сүхбаатар гуай ба Чингис өвөөд хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолсон бололтой байна. Үдээс хойш нь, Ноён уулаа ухуулахгүй хөдөлгөөнийхөн "Эх орончдоо дуудаж байна" гэсэн нэртэй, тайван жагсаал зохион байгуулж гэнэ ээ! За, дээр нь Интернэтээр бол Оросын сөрөг хүчний удирдагч, нэрт ардчилагч Б.Немцов алуулсан мэдээлэл дээр манайхан алалцаж, зарим нь Путиныг өмөөрөөд, зарим нь Путиныг хараагаад сүйд болж байна. Бас өчигдөр уржигдархан хошин урлагийн Амбий тэнгэрт халиад, манайхан чинь Амбийд гашуудахын зэрэгцээ Бооёогоороо оролдоод, бас л чи би-дээ тулалцан хэрэлдэж байна.
Ер нь бол зохиолчид, уран бүтээлчид онгод гэдэг нэг юмны талаар их ярьдаг даа! Би болбоос ерөөсөө зохиолч, уран бүтээлч хүн биш учраас иймэрхүү юм ярих нь уг нь бол илүүц юм аа! Уг нь бол өнөөдөр блогтоо нэг сайхан бичлэг оруулчихъя гэж бодсон боловч, ёстой онгод орж өгөхгүй, дээр нь жоорны ганц вискигээ гарздаад ч, дээд талын хэдэн мөрийг халтуурдахаас хэтэрсэнгүй ээ!
Зургадугаар Далай лам Цаянжамц архи уудаггүй л байсан байх. Монголд мянган жилд ганц төрөх аугаа их бичгийн хүн Цэндийн Дамдинсүрэн архи уудаггүй л байсан байх. Тэгтэл нэг муу бөөс би юун тэдэнд хавьтах, тэдний бичсэн гайхамшигтай дууллыг цээжилчихэж чадахгүй л, онгодоо дуудаж байна гээд архи гүзээлээд л сууж байна шүү дээ. Орчлон байхад янаглал байна, янаглал байхад орчлон байна. Одоо би Янагийн дууллаас зөв буруу нь хамаагүй, үлдэж хоцорсныг нь л давтан хэлэх гэж оролдсу.
Тансаг Бодалын дотоод ордонд
Тарнийг бясалгасан Цаянжамц
Тагтат Лхасын гадаад байшинд
Тачаалыг бясалгасан танхай банди.
Өөрийн сэтгэлд тохирсон хүнээ
Өнийн баттай ханиа болгох нь
Өргөн их далайн гүн ёроолоос
Өв тэгш эрдэнийг олохын адил аа.
Модон онгоц цаашаа харахад
Морин толгой нь наашаа хардаг,
Мохоо ухаант янаг хүүхэн
Мордож явахдаа эргэж харсангүй.
Ил нууцаа хуваалцсан хүүхэн
Ижил алхмаар зугаалсан хүүхэн
Ивээлт ордонд хэвтэх цагтаа
Илж таалж байсны учир нь,
Олзыг олох арга биш биз.
Ов живийн хэрэг биш биз.
Овоодой малгайгаа аваад өмсөв.
Оройн шанхаа засаад унжуулав.
Арван долооны төгрөг сар нь
Агаарын мандалд гийж байна.
Алман сарны мөнгөн ордонд
Амраг туулай нь хөгширч байна.
Үдшээр хэн ирснийг,
Үүрээр хэн буцсаныг,
Үзсэн харсан хүн гэж үгүй
Өгүүлэгч тоть би л мэдмүй.
Үг мэдэх тоть шувуу минь,
Үзсэн харснаа бүү хэл!
Үлэмж Лхасын олон ард
Өчүүхэн ламдаа итгэж байг!
За, энэнээс цааш явдаггүй ээ! Олон түмэн ард минь, уучлаарай! Өвгөн миний мэдлэгийн хэмжээ, чадварын хэмжээ ийм л болжээ!
No comments:
Post a Comment